БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд Монгол улстай хиллэдэг Эрээн хотын боомтоор гардаг экспорт, импортын бүх бүтээгдэхүүн, ачаа барааг ковидын халдвар дамжих нөхцөл бүрдүүлэхгүй байх зорилгоор чингэлэг тээврээр шийдвэрлэхээр болсон.
Улмаар талууд туршилт хийж бэлтгэл хангагдсан гэж үзэн авто замын тээвэрлэлт болон чингэлэг тээвэрлэлтийг нээхээр болсон талаар өчигдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлсэн юм.
Ингэхдээ Ковид19 вирус илрэхээс өмнө Монголоос Эрээний талд гарсан, ачаатай 150 орчим автомашиныг эхний ээлжид үе шаттайгаар гаргаж дуусгах аж. Эдгээр машиныг гаргасны дараагаар чингэлэг тээвэр явах юм.
Өнөөдөр хэчнээн автомашин татаж авсан талаар болон нөхцөл байдлын тухай Замын-Үүд сумын Засаг дарга Н.Анхбаяраас тодруулахад “Авто тээврийн авалт хийгдэж байгаа. Чингэлэг хэзээнээс авах нь одоогоор тодорхойгүй байна. Автомашины 2-3 өдрийн дотор хүлээж авахаар төлөвлөсөн гэлээ.
Татан авалтын талаар Хилийн 108 дугаар ангийн Штабын дарга Н.Баяржаргалаас тодрууллаа.
Тэрээр “Өнөөдөр 25 машин оруулна гэж Эрээний боомтоос мэдээлсэн. Одоогоор 10 автомашин хилийн шугам дээр ирсэн байна. Гэхдээ машинууд зуны түлштэй учир зарим нь асахгүй, хүндрэлтэй байгаа бололтой. Манай талаас автомашинуудыг шалгаж, нэвтрүүлээгүй байна. Хилийн хяналтын байгууллагууд бэлэн байдлаа хангаад нөгөө талын шийдвэрийг хүлээж байна. Хятадууд машинаа ав гэж хэлсэн тохиолдолд очиж авна. Чингэлэг тээврийн тухайд, машинаа татаж дууссаны авч дараа эхэлнэ. Авто тээврийг 2-3 өдрийн дотор татаж дуусахаар төлөвлөж байна. Гэхдээ Хятадын талын зохион байгуулалтаас хамаарна. Тэдний талаас өдөрт хэдэн автомашин оруулж ирэхээс хамаарч бид татан авалтаа хийнэ” гэлээ.