БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Өнөөдрийн байдлаар 21350 тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна. Энэ нөөцийг цагаан сарын баяр дуустал ашиглана. Энэ долоо хоногт борлуулалтын явуулын цэгүүд ажиллана. Өнөөдрөөс эхлэн 6098 зорилтот өрхөд долоо хоногийн хэрэглээний түлшийг олгож байгаа. Айл өрхүүд таван төрлийн зуух хэрэглэж байна. Түлш стандарт хангасан ч зуух стандартын бус байна. Айл өрхийн модны хэрэглээ буурснаар зууханд ноцолт биш уугилт удаан явагдаж угаартах эрсдэл үүсэж буй. Мөн Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газар, ЖАЙКА-тай хамтран авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцох явцдаа хоруу чанар бүхий утаа ялгаруулж байгаа эсэхэд хяналт тавин ажиллаж байна" гэлээ.
“Тавантолгой түлш” ХХК-ийн Борлуулалтын хэлтсийн дарга Д.Миняа "Өнгөрсөн долоо хоногт баруун бүсийн үйлдвэрийн нэгдүгээр цехэд гал гарсан. Галын нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна. Бидний зүгээс үйлдвэрийн нэгдүгээр цех болон хоёрдугаар шугамыг ажиллагаанд бүрэн оруулахаар ажиллаж буй. Үйлдвэрт гарсан галын улмаас нийлүүлэлт тасалдахгүй. Шаардлагатай тохиолдолд нийлүүлэлтээ нэмэгдүүлнэ" гэлээ.