Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг бэлнээр авах хүсэлтээ EHalamj, Ebarimt системээр дамжуулан гаргаж эхэлсэн. Уг хүсэлтийг сар сард нь гаргах шаардлагагүй, жилээр нь сонгож, баталгаажуулах боломжтой юм. Ингэснээр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүрийн 20-ны дотор олгох талаар холбогдох яамнаас мэдээлсэн.
Гэтэл хоёрдугаар сарын хүүхдийн мөнгө зарим иргэдийн дансанд одоо болтол ороогүй байна. Иргэдийн дансанд хүүхдийн мөнгөн тэтгэмж ороогүй шалтгааныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас тодруулахад "Хүүхдийн мөнгө бэлнээр авах хүсэлтээ хоёрдугаар сарын 17-ноос хойш баталгаажуулсан иргэдийн хүүхдийн мөнгө одоогоор олгогдоогүй байгаа. Хожуу гаргасан хүсэлтүүд энэ сарын 23-нд баталгаажсан. Эдгээр иргэдийн мөнгө энэ долоо хоногтоо багтаж дансанд нь орно. Харин хүсэлтээ эрт гаргасан хүмүүсийн олголт энэ сарын 17-ноос хийгдэж эхэлсэн. Хүсэлтээ эрт гаргасан ч хүүхдийн мөнгө нь ороогүй тохиолдол бий. Энэ нь банкнаас хамаарч байгаа. Энэ долоо хоногт багтаад бүх хүүхдийн мөнгөний олголт хийгдэнэ" гэсэн юм.
Хүүхдүүдэд сар бүр олгодог мөнгийг энэ оны долдугаар сарын 1-н хүртэл 100,000 төгрөгөөр, цаашид тодорхой хувийг хуримтлуулах юм. Дараагийн хагас жилд 50 мянган төгрөгийг хуримтлуулж, 50 мянган төгрөгийг хүлээж авах сонголт үйлчилэх юм.