АЛТАЙ, ХАНГАЙ, ГОВИЙН НУТГААР ХИЙЖ БУЙ “4 АЙМАГ 400 КМ" ЯВГАН АЛХАЛТЫН ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1, 2.1.1.1, 2.2.1 дэх заалтын хүрээнд Монгол улсын Ерөнхий сайдын санаачилгаар хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас улбаатай өвчин, эмгэгийг бууруулах зорилгоор Монгол улсын хэмжээнд томоохон аян, үйл ажиллагаанууд өрнөж байна.
“Илүүдэл жингүй - Эртэч Монгол” үндэсний аяныг 2022.02.16 -аас эхлүүлэн 06.01-г дуустал үргэлжилж байгаа бол Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эрүүл мэндийнхээ төлөө – Алхангаа ярилцъя” аяныг мөн улс орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Энэхүү аяныг дэмжиж, иргэдийг явган алхалтад уриалах, үлгэрлэн дагуулах зорилгоор Монголын явган алхалтын холбооноос (Mongolian Walking Association) санаачлан зохион байгуулж буй “4 аймаг 400 км” уртын алхалтын хөтөлбөрийг 2022.04.09-нд эхлүүлж тус холбооны гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр эх орныхоо баруун өмнөд нутаг болох Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Архангай гэсэн 4 аймгийн нутгаар нийт 400 км-ийг явганаар туулахаар замдаа гарсан билээ.
“4 аймаг 400 км” багийн бүрэлдэхүүнд Спортын мастер Э.Чойсүрэн ахлагчийн удирдлага дор Монголын Явган Алхалтын Холбооны гишүүд болох Спортын мастер Ц.Баярхүү, Спортын мастер С.Батболд, Спортын мастер Ж.Тулга, Role Model Walker 2021 алхагч Г.Алтансүх, Б.Гантулга, У.Мөнгөнцэцэг, Л.Мөнхзул нар багтсан байна. Хамгийн ахмад алхагч нь 51 настай, хамгийн залуу нь 23 настай юм.
Алхагчдыг замдаа гарахын өмнө Монгол улсын Эрүүл Мэндийн Яам, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв зэрэг байгууллагуудын удирдлагууд хүлээн авч, уртын явган аялалд нь амжилт хүсч, иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг сурталчлан таниулах үйлсэд оруулж буй хувь нэмэрт талархал илэрхийлж, байгууллагын тугийг гардуулан өгч, үдэж өгөв.
“4 аймаг 400 км” явган алхалтын багийнхан 2022.04.10-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотоос алхалтаа албан ёсоор эхлүүлсэн өдрөөс эхлэн тасралтгүй 5 хоногийн туршид цасан шамарга тавьж, эрчит салхи шуурч, өндөр уулс, хадан хясаа, хөр цас, цөн түрж мөс хайлсан гол мөрөн гээд бишгүй саад бэрхшээл дундуур аяллаа үргэлжлүүлж Завхан, Говь-Алтай аймгийн нутгийг явганаар туулсаар Баянхонгор аймагт 2022.04.16-ны өдөр ирцгээлээ. Багийн гишүүд хэдийгээр байгалийн сорилт, бэрхшээл дундуур алхсан ч явах тусам зориг чангарч, зорилго нь тодорч, замдаа сайн явцгааж байна.
2022.04.17-ны өдөр Баянхонгор аймгийн төвөөс хойд зүгт тус аймгийн Эрдэнэцогт сумын чиглэлд алхалтаа үргэлжлүүлэв. Алхагчид хэдийгээр 2022.04.21-ний өдөр Архангай аймгийн Цэцэрлэг хотод хүрснээр 400 км-ын алхалт аяллаа өндөрлүүлэхээр төлөвлөж байгаа ч цаг улирал, газар нутгийн байдал, цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөх нь дамжиггүй.
“4 аймаг 400 км” багийнхан эр зориг, тэвчээр хатуужил, арга туршлага, эв нэгдэл, нарийн зохион байгуулалт, багийн ажиллагааны хүчээр эрсдэл ихтэй хүндхэн замыг амжилттай туулж байна.
Энэхүү “4 аймаг 400 км” уртын алхалтад хамрагдаж буй алхагчид, тамирчдыг дэмжин тусалж, хамтран ажиллаж байгаа албан байгууллага, аймаг орон нутгийн удирдлагууд, мөн туулах эрсдэлийг давах хүч, тулах цэг нь болж буй “Монгол Даатгал”, аяллын замд тааралдаж халуун сэтгэлээр хандаж буй малчин айл өрх, иргэд та бүхэндээ халуун талархал илэрхийлье.
Энэхүү сорилтод хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Монголын Явган Алхалтын Холбооны (https://www.facebook.com/groups/mongolwalkers) цахим группд зочлоорой. Эрүүл чийрэг, эрч хүчтэй иргэн болцгооё. “АЛХАЛТ ҮНЭ ЦЭНИЙГ БҮТЭЭДЭГ”