Н.Түвшинбаярт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлсэн.
Анхан шатны шүүхээс хэргийг дахин нягтлах шаардлагатай хэмээн прокурорын байгууллагад буцаагаад байсан юм. Прокурор нягталж дуусаад өнгөрсөн гуравдугаар сарын 18-нд шүүхэд шилжүүлсэн.
Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.
Тэгвэл Н.Түвшинбаярт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр буюу энэ сарын 29-нд хийхээр товлосон. Тус хэлэлцүүлгийг шүүгч Д.Доржсүрэн удирдах бөгөөд хуралд Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц, хохирогч Б.Нандинцэцэг, өмгөөлөгч нар оролцох юм.