Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа өнгөрсөн даваа гаригт УИХ-д хүргүүлсэн. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн лхагва гаригт хуралдаж эхэлсэн ч одоогоор шийдвэр гаргаагүй байна. Лхагва гаригт 19.30 цаг хүртэл хуралдсан дэд хорооны хурлын дараа тус хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил “Шийдвэр гаргахын тулд бид итгэл үнэмшилтэй болох ёстой. Ингэхийн тулд хангалттай мэдээлэлтэй байх ёстой. Прокурор болон бусад албаны хүмүүс бидний асуултад хариулт өгсөн боловч олон асуултад нэмэлт тодруулга өгөхөөр боллоо. Эхний тодруулгыг маргаашаас ирүүлнэ. Мөн бүрэн эрхийн асуудал нь орж ирсэн гишүүд хэргийн талаар ойлголтгүй байна. Яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаагүй гишүүн ч байна.Зөвхөн прокурорын саналаар бид түдгэлзүүлж болохгүй.Тиймээс гишүүдээс нэмэлт тайлбар авч байж шийдвэр гаргах ёстой" гэсэн юм. Мөн дэд хорооны гишүүн Н.Энхболд өвчтэй байгаа учир өчигдөр хуралдсангүй.
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр гишүүдийн бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хуулийн хугацаанд нь багтаан яаралтай хэлэлцэх шаардлагатай байгааг анхааруулсан юм. Тэрээр “УИХ-ын зарим гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх ёстой учраас Халдашгүй байдлын дэд хороо 09:00 цагт хуралдана. Иймд чуулганы дэг, дараалалд өөрчлөлт оруулсан. Үүний дараа Хууль зүйн байнгын хороо 10.00 цагаас, 11.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Маргааш 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ” гэсэн юм. Энэ асуудлыг ажлын тав хоногт багтаан шийдвэрлэх ёстой бөгөөд хуулийн хугацаа нь өнөөдөр дуусаж байна. Үүний дагуу одоо УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах гэж байна.
Халдашгүй байдлын дэд хороо таван гишүүнтэй бөгөөд Н.Энхболд ахалж, гишүүдээр нь С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нар ажилладаг юм.
УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос оруулж ирсэн тохиолдолд УИХ дараах байдлаар хэлэлцдэг юм. Зөвхөн дээрх тохиолдолд хамаарах УИХ-ын тухай хуулийн зарим заалтыг танилцуулъя.
9 дүгээр зүйл.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх
9.1.Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг дараах тохиолдолд түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурал шийдвэрлэнэ:
9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан.
9.3.Улсын Их Хурал чуулганы үеэр энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
9.4.Улсын Их Хурал чуулганы чөлөө цагт энэ хуулийн 9.1.1, 9.1.2-т заасан саналыг хүлээн авсан бол 24 цагийн дотор ээлжит бус чуулган зарлаж, чуулганы хуралдаан эхэлснээс хойш ажлын 5 өдрийн дотор гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
9.5.Гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар нууцаар санал хурааж шийдвэрлэнэ. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжиж санал өгсөн бол энэ тухай тогтоол баталсанд тооцно.