Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд ирж буй өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах талаар Засгийн газрын харьяа газар, агентлагийн дарга нартай уулзлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Авлигатай хийх тэмцэл амаргүй ч урагшилж байна. Бид энэ тэмцэлд ялах ёстой. УИХ, Засгийн газрын бодлого анхан, дунд шатанд замхарч болохгүй. 2022 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор 11-11 төвийг Ерөнхий сайд шууд удирдлагадаа авсан. Үүнээс хойш өргөдөл, гомдлын шийдвэрлэлтэд онцгой анхаарч, хянаж ажиллаж байна. Авлигатай холбоотой иргэдээс ирж буй гомдол, мэдээллийг АТГ-ын утсанд шууд холбосон. Албан тушаалтантай утсаар ярихгүй л бол эмнэлгийн цаг олддоггүй, даргын хүүхэд харьяаны бус цэцэрлэгт явж болдог, татварын байцаагч нар ажлаа хийснийхээ төлөө ресторанд үнэгүй хоол иддэг байж болохгүй. Төр иргэнээ алагчлалгүй, чин сэтгэлээсээ тэгш, хүртээмжтэй үйлчлэх ёстой. Тиймээс анхан, дунд шатанд ажиллаж байгаа та бүхэн иргэдийн өргөдөл, гомдолд дүгнэлт хийж дорвитой ахиц гаргаж ажиллах учиртай” гэлээ.
Иргэд, олон нийтээс 2022 оны дөрөвдүгээр сард 11-11 төвд:
o Төрийн албан хаагчийн ёс зүй, хандлагатай холбоотой 233,
o Авлига, хүнд суртал, хээл хахуулийн шинжтэй 728,
o Авто тээврийн үндэсний төв, нийтийн тээвэртэй холбоотой 460 гаруй,
o Цагдаагийн албан хаагчийн ёс зүйтэй холбоотой 814 гаруй,
o Нийслэлийн гомдлын 80 хувийг татварын байцаагч, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт, үйлдвэр үйлчилгээ, газрын албаны байцаагч нартай холбоотой өргөдөл гомдол эзэлж байна.
o Төрийн албан хаагчид ажлын цаг баримталдаггүй талаар 1056 гомдол ирээд байна.
Уулзалтын үеэр газар, агентлагийн дарга нар дараах саналыг хэллээ.
Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва:
-Нийслэлийн хувьд иргэдээс ирж буй өргөдөл, гомдлыг дунджаар 8,6 хоногт шийдвэрлэн ажиллаж байна. Нийт гомдлын 63-65 хувь иргэдийн талд шийдвэрлэгдсэн бол 20 гаруй хувь нь тухайн цаг үед шийдвэрлэх боломжгүй өргөдөл, гомдол байна. Цаашид шийдвэрлэлтийн хугацааг богиносгохоор зорьж байна” гэлээ.
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун:
-Ирж буй өргөдлийн 80 гаруй хувь тендер тэр дундаа өрсөлдөөнийг илтэд хязгаарлаж, бусдад давуу байдал олгосон гэх гомдол эзэлж буй тул анхаарах, мөн төрийн хамгаалалттай байгууллагууд иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах шуудангийн хайрцагтай байх санал гаргалаа.
МХЕГ-ын дарга Б.Баасандорж тус газар албан хаагчдын ёс зүй, үйл ажиллагаатай холбоотой гомдол санал хүлээж авах хариуцсан ажилтан шинээр гарган ажиллуулж байна гэлээ.
Нийгмийн хариуцлагын хүрээнд нэрээр хувийн байгууллагуудын машин тэрэг, хөрөнгө мөнгийг дайчилдаг, татвар, нийгмийн даатгалын байцаагч, нийслэл, дүүргийн үйлдвэр, үйлчилгээний зөвшөөрөл олгодог ажилтнууд баар, ресторанд үнэгүй хоол иддэг, зөвшөөрлийн сунгалтыг үндэслэлгүй удаашруулдаг зэрэг гомдол нийт саналын 70 хувийг эзэлж байна. Иймд дээрх гомдлуудыг нарийн шалгаж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болголоо. Мөн нийтийн тээврийн чанар, хүртээмжтэй холбоотой гомдол нэлээд ирдэг байна.
-Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвийг Засгийн газар онцгой анхааралдаа авсан. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар төрийн байгууллагуудын вэбсайтад 11-11 төвөөр дамжин ирсэн иргэдийн санал хүсэлтийг шийдвэрлэсэн байдлын талаар мэдээлэл сонсоно. 11-11 төвд ирүүлсэн иргэдийн санал, хүсэлтийг шийдвэрлэх явцад дүн шинжилгээ хийж, Засгийн газрын хуралдаанд тогтмол танилцуулж байх, Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, Нийслэлийн Засаг дарга нар тус төвд ажиллаж, иргэдтэй уулзан тэдний санал хүсэлтийг сонсож шийдвэрлэж ажиллахыг үүрэг болголоо.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар