Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар махны асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр "Хүнсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн байр суурь тов тодорхой байгаа. Бид хүнсний хангамж аюулгүй байдалдаа онцгой анхаарах цаг үе. Олон улсын ээдрээт нөхцөл байдал, улс орнууд хооронд гарч байгаа мөргөлдөөнүүд дэлхий нийтийн хүнсний хангамжид маш ноцтойгоор нөлөөлж эхэлж байна. ОХУ, Украин улсууд дэлхий хүнсний нийлүүлэгч орнууд. Энэ орнуудад үүссэн нөхцөл байдлаас улбаалаад манай хил залгаа орнууд хүнсний экспортдоо хязгаарлалтууд хийж байна. Энэ нь манай хүнсний хангамжид сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал үүсэж байна. Манайд сүүлийн нэг жилийн хугацаанд хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөн. Хүнсний аюулгүй байдлын асуудлыг энэ хүрээнд их хурцаар тавьж байгаа. Тавдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч парламент дээр үг хэлж, Хүнсний аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай төслийг өргөн барьсан. УИХ яаралтай горимоор хэлэлцэн баталж, хүнсний хангамж, хөдөө аж ахуйн салбарт түүхэн шийдвэр гаргасан юм. Энэ тогтоол долоодугаар сарын нэгнээс хэрэгжээд эхэлнэ. Тогтоол хэрэгжсэнээр таван жилийн хугацаанд Монгол Улсад 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах бөгөөд бүх малаа эрүүлжүүлэх зорилт тавьсан. Мөн үндэсний лобораторийн нэгдсэн сүлжээ бий болгоно. Эмээлтийн махны асуудал бол хүнсний аюулгүй байдал алдагдаж байгаа томоохон жишээ. Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралдаа авч холбогдох албан тушаалтнуудад хатуу сануулга өгч, хариуцлага тооцож байгаа. Сүүлийн хоёр сар гаруйн хугацаанд хүнсний аюулгүй байдлын асуудлаар хэд хэдэн томоохон зөвлөгөөн зохион байгууллаа" хэмээв.