УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа ямар бодлого баримтлахаа хэллээ. Тэрээр "Бид 2023 оны төсвийн сахилга батыг улам чангаруулна гэж бодож байгаа. Урсгал зардлыг их хэмжээгээр нэмдэг төслүүдээс татгалзана. Халамжийг хэрэгтэй хүмүүст нь, хэрэгтэй хүүхдүүдэд нь л өгнө. Ингэж төсөвтөө орон зай гаргаж хөгжлийн төслүүдээ санхүүжүүлнэ гэж зорьж байгаа" гэлээ.