Босни Герцеговийн Сараево хотод жүдо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Манай улсаас 16 жүдоч хүч үзэж байгаа. Тэмцээний хоёр дахь өдөр охидын 48 кг-ын жинд, өсвөр үеийн Азийн тивийн аварга Мягмарсүрэнгийн Нандин-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр шөвгийн наймд Швед Улсын бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Канад Улсын бөхийг ялж өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийн төлөө Итали Улсын бөхтэй барилдах оноолт таарсан.
М.Нандин-Эрдэнэ Сараевод нийт таван барилдаан хийсэн байна. Хүрэл медальтай үлдэх эсэхээ шийдэх хариуцлагатай барилдаанд Итали Улсын бөх Илария Финестроныг вазари үнэлгээгээр ялснаар шагналын тавцанд зогсов.