Явган алхагчид сайн дураараа эвлэлдэн нэгдэж цусаа өгөх алхалтад хамрагдацгаалаа. Бид нэг удаа цусаа өгөхөд 3 хүний амь насыг аврах боломж бүрддэг ажээ. Магадгүй бидний хэн нэгэнд, эргэн тойронд байгаа хүмүүст төрөхийн хүндрэл, авто осол, гэмтэл, түлэгдэл, хавдар, цусны эмгэгийн улмаас цус сэлбэх хэрэгцээ шаардлага гардаг. Хүн амын өсөлт, болон бусад шалтгааны улмаас мөн түүнчлэн эмчилгээний шинэ технологиуд нэвтэрснээр цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ жил ирэх тутам нэмэгджээ. Иймд цусны донорын эгнээг өргөжүүлэх үйл ажиллагаа нь нэн чухал юм.
Явган алхагчдын хувьд үргэлж эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг бусдад уриалж, өөрсдийн биеэр үлгэрлэхийг эрмэлздэг бөгөөд энэхүү хүсэл эрмэлзэлээ бусдын төлөө зориулж, цусаа хандивладаг донорууд нэлээдгүй байдаг. Тэдгээр алхагчдынхаа санаачилгыг өргөжүүлж Blood Donors Walking Event-ийг Монголын явган алхалтын холбоо зохион байгуулж, алхагчид маань Д.Сүхбаатарын талбайгаас Цусны төв хүртэл иргэдэд цусаа хандивлахыг уриалж, цусаа бэлэглэхийн ач холбогдлыг танилцуулсан үзэл санааны алхалтыг амжилттай хэрэгжүүллээ. Мөн алхагчид маань өөрсдөө цусаа хандивлаж, бусдад амьдрал бэлэглэж амжлаа. Цаашид энэхүү цусаа хандивлах үйлсийг өргөжүүлж, тогтмол цусаа хандивладаг доноруудын тоог нэмэгдүүлэхэд тус холбоо хувь нэмрээ оруулсаар байх болно.
Арга хэмжээний үеэр Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төвийн Ерөнхий захирал Н.Эрдэнэбаяр явган алхагчдад талархал дэвшүүлж, дурсгалын зүйлс гардуулан цаашид хамтын ажиллагаагаа идэвхтэй өрнүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлж, алхагчид мөн цаашид цусаа өгөх уламжлал тогтоох, бусдад уриалан сурталчилахад таатай байгаагаа илэрхийлсэн юм. Энэхүү алхалтыг зохион байгуулсан, дэмжсэн, хамтран ажилласан, цусаа хандивласан, үзэл санааг түгээн сурталчилсан, хамтдаа алхаж, бусдыг уриалсан www.facebook.com/groups/MongolWalkers группын явган алхагчид, Төв аймгийн Баянцогт сумаас зорьж ирж цусаа бэлэглэсэн У.Уранчимэг алхагч гээд бүх хүмүүстээ чин сэтгэлийн талархал дэвшүүлье.
Бусдад хайр, зүрх, халуун сэтгэлээ зориулж, эрүүл мэнд, амьдрал, хөөр баярыг хамтдаа бэлэглэвэл ямар вэ? Өөрөөрөө бахархах гайхайлтай бахархалыг бүтээх, утга учиртай, үнэ цэнтэй үйлдэлд таныг урин дуудаж байна.
Tags: онцлох