ЭЕРЭГ ХАНДЛАГА НЬ аливаа зvйлийн сайн сайхан тал болоод аливаа бэрхшээлийг даван туулах арга замыг харж чаддаг бол СӨРӨГ ХАНДЛАГА НЬ асуудлын болж бvтэхгvй, дутагдалтай талыг хардаг учраас стресст өртөх нь элбэг байдаг.
Хандлага бол сонголт
Өнгөрсөнд танд юу тохиолдсоноос үл хамааран эерэг хандлагатай байх эсэх нь таны өнөөдрийн сонголт юм. Сэтгэл судлаач Виктор Франкл “Хүмүүний хамгийн сүүлийн эрх чөлөө бол өгөгдсөн нөхцөл байдлаас үл шалтгаалан хандлагаа өөрөө сонгох эрх чөлөө юм” гэж хэлсэн байдаг. Таны нөхцөл байдал ямар ч байсан хандлагаа та өөрөө сонгох эрх чөлөөтэй гэдгээ бүү март.
Амьдралын аз жаргал, ажлын амжилт бүхэн таны эерэг хандлагаас шалтгаална
Эерэг хандлага нь таны өдөр тутмын амьдралын үйл явдлыг эерэгээр зохицуулахад тусалдаг. Энэ нь таны амьдралд өөдрөг үзэл, эерэг сайхан бодлуудыг авчирдаг. Хэрэв та хандлагаа өөрчилж чадна гэдэгт итгэдэг бол амьдралдаа сайхан зүйлүүдийг бий болгож, аз жаргал, амжилтыг та олж авах боломжтой. Та эерэг хандлагатай бол амьдралын бүхий л сайхан эерэг талуудыг олж харна, бүхнийг хамгийн сайхан болно гэдэгт итгэж чадна. Хандлага гэдэг нь аливаа юманд болон хүнд хандаж буй үйлдэл бөгөөд энэ нь хүний дотоод сэтгэлээс урган гарч байдаг. Амьдрал дээр, ажил дээр бидний бусдад хандаж буй хандлагын өчүүхэн бага ялгаа нь бидний хооронд маш их ялгааг бий болгодог. Өөрөөр хэлбэл, аливаа юманд хандахад сэтгэлээс гарч буй мэдрэмж нь эерэг байна уу, сөрөг байна уу гэдгээс хамааран хүмүүс бид өөр хоорондоо маш их ялгаатай байдаг.