Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газар болон Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Нийгмийн Ухааны салбартай хамтран зохион байгуулсан “НИЙСЛЭЛ ХОТ БА ДАГУУЛ ХОТ: Асуудал, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө. Эрдэм шинжилгээний хуралд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, Улаанбаатар эрдэм их сургуулийн Цэцээ Гүн менежментийн сургууль, Их Засаг олон улсын их сургуулийн Санхүү эдийн засгийн сургуулийн залуу судлаач оюутнууд оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан хэлсэн үгэндээ, “Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн тусламжтайгаар эдийн засгийн төрөлжилт бүхий олон төвт Улаанбаатар хотыг бий болгох боломжтой. Энэ утгаараа залуу судлаачдын дэвшүүлж буй шинэ санал, санаачилга бидний ажилд ихээхэн чухал” гэдгийг онцлон хэлсэн юм.
Эрдэм шинжилгээний хурлаар дамжуулан нийслэл хотод тулгамдаж буй асуудал болон түүнийг шийдвэрлэх арга зам, нийслэлийн ирээдүйн хөгжил дагуул хоттой хэрхэн уялдаж буй талаар залуу судлаачид өөрсдийн илтгэлээ хэлэлцүүлж, мэдлэг оюунаараа хоорондоо өрсөлдсөн юм. Шүүгчдийн үнэлгээгээр тэргүүн байранд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн оюутан Б.Урангоо, О.Элбэгтуяа нар “Улаанбаатар хотын агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлийн шинжилгээ” сэдвээр, дэд байранд ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн оюутан Б.Болормаа, С.Баяржавхлан нар “Их, дээд сургуулийг нүүлгэн шилжүүлэх талаарх оюутнуудын санал бодол” сэдвээр, тусгай байранд “Эдийн засагт суурилсан Дагуул хотыг хөгжүүлэх нь” сэдвээр ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн оюутан Б.Баасансүрэн, Б.Номин-Эрдэнэ, Б.Баяржавхлан нар тус тус шалгарсан юм.