ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан болон Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Экосити төслийн удирдлагын хорооны орлогч дарга Ян Юн нар Тяньжин-Улаанбаатар худалдаа, хөрөнгө оруулалтын уулзалтын үеэр хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын Дагуул хотын хөгжлийн хэлтсийн дарга А.Мөнгөн, Эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Энхзаяа, Дагуул хотын хөгжлийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн А.Энхтамир болон Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Экосити төслийн удирдлагын хорооны төлөөлөгчид зэрэг холбогдох албаны хүмүүс оролцлоо.
Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг бий болгон хөгжүүлэх чиглэлд гадны мэргэжилтэн, судлаачидтай хамтран ажиллах, шинэ техник, технологийн амжилттай туршлагыг дотооддоо нэвтрүүлэх, байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах боломж бүрдлээ.
Санамж бичиг байгуулах үеэр Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, “Энэхүү хамтын ажиллагааны санамж бичиг байгуулагдсанаар дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн төсөл, хөтөлбөрийг илүү нарийвчилсан төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх боломж бүрдэнэ” гэдгийг онцолсон бөгөөд цаашид урт хугацаанд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж хамтран ажиллана гэдэгтээ итгэлтэй байгаа талаар дурдсан юм.
Хятад-Сингапурын хамтарсан Тяньжин Экосити төслийн удирдлагын хорооны орлогч дарга Ян Юн арга хэмжээний үеэр, “Монгол улсын нийслэл Улаанбаатар хот нь саяас дээш хүн амтай дэлхийн томоохон хот учир төлөвлөлтийг сайжруулах, иргэдийн амьдрахад ая тухтай орчныг бүрдүүлэхэд дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх нь чухал гэж харж буй учир боломжит бүхий л талаар дэмжлэг үзүүлнэ” гэдгээ илэрхийлсэн юм.