Авто зам, нисэх онгоцны буудал, иргэний барилга байгууламж, цэвэр бохир усны систем, ус нөөцлүүрийн байгууламж, хот төлөвлөлтийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулалтын чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг БНСУ-ын “Woojin Engineering” компанитай уулзалт хийж, хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, Дагуул хотын хөгжлийн хэлтсийн дарга А.Мөнгөн, Эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн хэлтсийн дарга Э.Энхзаяа болон “Woojin Engineering” компанийн гүйцэтгэх захирал И Мён Жин, БНСУ-ын Хонам их сургуулийн профессор Пак Сүн Мун, ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн сургалтын албаны захирал Д.Ганбаатар, доктор, дэд профессор Ц.Энхчимэг зэрэг холбогдох албаны хүмүүс оролцлоо.
“Woojin Engineering” компанийн гүйцэтгэх захирал И Мён Жин санамж бичиг байгуулах үеэр хэлсэн үгэндээ, Манай компанийн хувьд богино хугацааны ашиг гэхээс илүүтэй, урт хугацааны хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийг чухалчилж үздэг. Энэ ч утгаараа эхний ээлжид төлөвлөж буй дагуул хотын төсөл, хөтөлбөр дээр хэсэгчилсэн төлөвлөлт хийх ажилд үнэ төлбөргүй зөвлөгөө өгч хамтран ажиллах боломжтой талаар онцолсон юм.
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, “Woojin Engineering” компанийн гүйцэтгэх захирал И Мён Жин дагуул хот, эдийн засгийн тусгай бүс байгуулах томоохон ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэнд талархал дэвшүүлж, цаашид урт хугацаанд харилцан ашигтай хамтран ажиллахдаа итгэлтэй байгаа талаар дурдсан юм.