Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах, эдийн засгийн төрөлжилтийг бий болгох томоохон зорилгын хүрээнд нийслэлийн ойр орчимд дагуул хот, эдийн засгийн тусгай бүсүүдийг байгуулах, хөгжүүлэх талаар судалгааны ажлууд хийгдэж байна. Уг ажилтай холбогдуулан холбогдох яамд, дээд шатны байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын зөвлөх Ү.Амарбат болон ЗГХЭГ-ийн Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар нартай уулзалт хийж, судалгааны ажлаа танилцууллаа.
Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан холбогдох танилцуулгыг хийж, эхний ээлжид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй дагуул хотын төслийн талаар нарийвчилсан мэдээллийг хүргэсэн юм. Түүнчлэн шат шатны байгууллага хоорондын уялдаатай байдлыг чухалчилж, мэдээлэл хоорондын зөрүүтэй байдлыг арилгах, нягт хамтран ажиллахаар зорьж буй талаар онцолсон юм.
Уулзалтын төгсгөлд ЗГХЭГ-ын даргын зөвлөх Ү.Амарбатын зүгээс боломжит бүхий л талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн ЗГХЭГ-ын төлөөлөл болон Барилга, хот байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам, тээврийн хөгжлийн яамны холбогдох байгууллагын газрын дарга нартай хамтарсан уулзалтуудыг зохион байгуулахаар боллоо.