“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “2023 оны ногдол ашиг болох 256 мянган төгрөгийг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ. Аудитын байгууллагаар бүх тайлан орж эцэслэн баталгаажсан” гэж мэдээлсэн.
Тэгвэл өнөөдрөөс /2024.04.04/ арилжааны банкууд ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна.
Хуулиараа ногдол ашиг тараахын өмнө Үндэсний аудитын газар тус компанийн санхүүгийн тайланг хянадаг. Санхүүгийн тайлан аудитлагдаж, эцэслэн баталгаажсан тул ийнхүү иргэдийн данс руу ногдол ашгийн мөнгийг шилжүүлэхэд бэлэн болжээ.
Сануулахад, тус компани нь 2022 оны ногдол ашиг болгон 1072 ширхэг хувьцаанд 104 мянган төгрөг олгосон. Монгол Улсын 3.4 сая иргэнд нийт 351 тэрбум орчим төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр олгосон юм. Тус компани 2022 онд 1.3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нэгж хувьцаанд 108.7 төгрөгөөр тооцож ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүүлсэн. Харин 2023 оны тухайд 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь ногдол ашгийн хэмжээг нэмэгдүүлсэн байдаг.