Зохиолч Ц.Баттуяа нь 1994-2004 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор сургууль, 2004-2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг “Утга зохиолын ажилтан, сэтгүүлч” мэргэжлээр төгсөж байжээ. Тэрээр уран зохиолын чиглэлээр зургаан ном хэвлүүлж байсан бол дахин хоёр ном нь хэвлэгдэн гарч номын нээлтийн өдөрлөг зохион байгуулагдах гэж байгаа юм байна. Тус өдөрлөг 2024 оны 4-р сарын 17-ны өдөр Монголын Залуучуудын холбооны байр, 4-р давхар, 411 тоотод 10:00 – 22:00 цагт болно. Уншигч та бүхэн тус өдөрлөгт очиход нээлттэй бөгөөд зохиолчтой уулзаж ярилцан гарын үсэгтэй ном худалдан авах боломжтой юм байна.
Тэгвэл “Миний хоч Ну-А” ном нь хоёр туужаас бүрдэж буй. Ариун нандин хайр дурлал, хүмүүс хоорондын харилцаа, ёс зүй… хайр дурлалаа хэрхэн ариун нандинаар нь авч үлдэх тухай өгүүлнэ. Зарим хүмүүс нэрээс нь үүдээд нууц амрагийн тухай ном гэж ойлгож болох юм. Ингэж ойлговол хүн бүрд нууц амраг бий. Бидний нууц амраг чухам хэн байдаг юм бол? Энэхүү хоёр туужаас та өөрийнхөө нууц амрагийг бас өөрөө хэний нууц амраг болохоо ч олж мэдэж магад. Гэхдээ магадгүй шүү!
Харин “Эзэгтэйн хувийн мөрдөгч” ном нь мөн адал явдалт хоёр туужаас бүрдэж буй. Энэхүү хоёр туужид хайрын тухай, тэр дундаа өнөөгийн нийгэмд хамгаас их үгүйлэгдэж буй ёс зүйн тухай өгүүлнэ.
Нэгдүгээр бүлэг ЭЗЭГТЭЙ - Эмүжин буюу эзэгтэйн зүгээс бичигдсэн бөгөөд түүний төлөвлөж хэрэгжүүлсэн, үзэж туулсан, бодож сэтгэсэн бүхний тухай өгүүлнэ. Зохиолын ерөнхий эхлэл болон өрнөл энэ бүлэгт илэрч байгаа учир үйл явдал ихтэй, хурц шийдлүүдтэй байж болох юм.
Хоёрдугаар бүлэг ЭЗЭГТЭЙН ХУВИЙН МӨРДӨГЧ - Амухулан буюу эзэгтэйн хувийн мөрдөгчийн зүгээс бичигдэж буй. Нэгдүгээр бүлэгт өгүүлсэн зарим үйл явдлын тайлал болон Амухулангийн санаж хэрэгжүүлсэн зүйлсийн талаар гарна. Өөрөөр хэлбэл, нэг үйл явдлыг хоёр өөр хүний нүдээр харж бичиж байгаа учир үйл явдлын өрнөлүүд нь танил, гэвч зөрүү ихтэй.
Гуравдугаар бүлэг ЭЗЭН - Зохиолын турш өгүүлсэн адармаат үйл явдлуудын тайллын тухай өгүүлнэ.