Өнөөдөр хийсэн мэргэжлийн байгууллагуудын эрсдлийн хамтарсан үнэлгээгээр КОВИД 19 халдвар Монгол Улсын хүн амын дунд тархах эрсдэл “Маш өндөр-5” гэж үнэлсэн болохыг Засгийн газраас мэдээллээ.
Иймд халдварын тархалтыг хязгаарлах, хавьтлыг бүрэн тогтоох, хянах, улсын хэмжээнд тархахаас сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу дэглэмийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ.
Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлыг 2020.11.12-ны өдрийн 06:00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06:00 цаг хүртэл тав хоногийн хугацаатай зарлаж, Засгийн газрын тогтоол гарга сан.
Ингэснээр төрийн байгууллагуудыг ажлын тусгай горимд шилжүүлж, тухайн байгууллагууд дотоод зохион байгууллалтын дагуу нэн шаардлагатай үүрэг гүйцэтгэх ажилчдаа ээлжээр ажиллуулах, банк, эрчим хүч, дулааны цахилгаан станц, эмнэлэг, эмийн сан, ус хангамжийн газрууд, хүнсний зах, дэлгүүр, шатахуун түгээх станц, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас бусад албан байгууллагууд ажиллахгүй. Хувийн аж ахуй нэгжүүд, ард иргэд гамшгаас хамгаалах хууль, бүх нийтийн бэлэн байдлын зэргийг дагаж мөрдөх үүрэг хүлээж байна.
Хот хооронд хүнсний тээврийн автомашинаас бусад зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хийгдэхгүй. Улаанбаатар хотод нийтийн тээвэр өглөө оройд ажил эхлэх, тарах цагуудад богино цагаар үйлчилнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.