Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр /2020.11.20/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа.
НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар “Өнгөрсөн 24 цагийн байдлаар Нийслэлийн онцгой комиссын штабд иргэдээс тусгай зөвшөөрөл, эмнэлгийн тусламж, хотоос гарах, орох хөдөлгөөн, түгээлттэй холбоотой 613 санал, хүсэлт ирсэн байна. Эдгээр санал, хүсэлтийн зохих хариултыг иргэдэд цаг алдалгүй шуурхай хүргэлээ. Нийслэлийн Засаг даргын 1248 дугаар захирамжийн хүрээнд аж ахуй нэгж байгууллага, эм ханган нийлүүлэх байгууллагын түгээлттэй холбоотой өргөдөл гомдол их ирсэн учраас өнөөдрөөс /2020.11.21/ эхлэн 07:00-17:00 цаг хүртэл хүнс, эм ханган нийлүүлэх бүх төрлийн түгээлтийг шуурхай зохион байгуулах шийдвэр гаргалаа. Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтэрч байгаа иргэд, тээврийн хэрэгсэлд тавих хяналтыг сайжруулан ажиллаж байна. Коронавирусийн голомт болсон Дархан, Орхон, Сэлэнгэ аймгуудаас ирж байгаа тээврийн хэрэгслийн гадаргууг тогтмол халдваргүйтгэлийг хийх ажлыг зохион байгуулж байна. Шалган нэвтрүүлэх товчоодоор өнгөрч байгаа түгээлт, үйлчилгээний жолооч, зорчигчдыг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байгаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн хөдөлгөөн 90 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан. Нийслэлийн зургаан дүүрэгт нөөцийн махны 19 цэгт өдөр бүр 45 тонн махыг худадан, борлуулж байна. Одоогийн байдлаар хүнсний үйлдвэрүүд доголдолгүй үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаа. Мөн ариутгалыг 20 байгууллага нийт 843 аж ахуй нэгж цэгийн 152100 мкв талбайд урьдчилан сэргийлэх халдваргүйтэлийг хийсэн. Нийслэлийн хэмжээнд 18 шинжилгээний төв, 84 өрхийн эрүүл мэндийн төвөөр түргэвчилсэн оношлуураар нийт 3437 иргэнийг шинжилгээнд хамруулсан” гэв.
24 цагийн хугацаанд “Таван толгой” түлш ХХК 200 тонн сайжруулсан түлшийг үйлдвэрлэж, борлуулалтын 610 цэгт түгээлтийн ажлыг хэвийн зохион байгуулж байна.