Манай улсад 317 мянга орчим өндөр насны тэтгэвэр авагч байдаг ба 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаар тогтоодог байсныг нэмэгдүүлж, 7 жил буюу 84 cap болгосон нь иргэдийн гap дээр ирэх тэтгэврийн дүн багасахад хүргэсэн гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Уг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен нар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа
Иргэдэд олгож байгаа тэтгэвэр нь тухайн даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаа болон шимтгэл төлсөн дундаж цалин хөлснөөс шууд хамааралтайгаар бодогддог тул хугацааг багасгах ёстой гэж үзсэн байна.
Тус хуулийн төсөл хэрэгжвэл иргэдийн өндөр насны тэтгэврийн гар дээр авах мөнгөн дүн бодитоор нэмэгдэх бөгөөд иргэд өөрсдийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээс өндөр насны тэтгэврээ авч байгаа учир улсад төсөв, эдийн засгийн эрсдэл, хүндрэл учрахгүй гэж үзэж байгаа ажээ.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс