Канадын хөгжимчин, продюссер Дрейк, Америкийн алдарт дуучин Крис Браун нарын хамтран гаргасан “No Guidance” уран бүтээл нь АНУ-ын уран бүтээлч Брэндон Купер болон продюсер Тимоти Валентин нарын гаргасан дууг хуулбарласан хэмээн үзэж, алдартай уран бүтээлчдийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
“TMZ” цахим хуудасны мэдээлснээр, Брэндон Купер, Тимоти Валентин нар "I Love Your Dress" дууны үг, аяыг зохиогчийн эрхийн зөвшөөрөлгүйгээр "No Guidance" дуунд ашигласан хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна.
"I Love Your Dress" уран бүтээл нь "No Guidance"-аас гурван жилийн өмнө сонсогчдын хүртээл болсон бөгөөд Дрейк, Крис Браун нарыг уг дууг бүхэлд нь хуулбарлаагүй ч тэдний дуунаас “санаа авсан” гэж мэдэгджээ.
Үүнтэй холбогдуулан Дрейк, Крис Браун нарыг шүүхэд өгсний зэрэгцээ нөхөн төлбөр болгож тэднээс их хэмжээний бэлэн мөнгө авах хүсэлтэй байгаагаа шүүхийн нэхэмжлэлд дурдсан байна.