Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулж байна.
Тэрбээр, Саяхан гарсан жагсаалтай холбоотой 15 шаардлага, 200 гаруй санал иргэдээс ирсэн. Иргэдийн тавьсан саналуудын:
- 74 хувь нь үнийн өсөлт
- 14 хувь нь төсвийн үргүй зардлыг бууруулах
- 12 хувь нь цалин нэмэхтэй холбоотой шаардлага байна.
Засгийн газрын хуралдаанаар иргэдийн саналыг хэлэлцэж үзээд, шаардлагуудын 60 орчим хувь нь үнийн өсөлттэй холбоотой учир ойрын үед шийдэх боломжтой гэж үзлээ.
Ачаа тээврийн эргэлттэй холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Тиймээс стандарт бус арга хэмжээ авахаас аргагүй болж байна. Гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг зохицуулах хууль өнөөдөр батлагдлаа.
1-рт, Шатахууны үнийг тогтвортой барих зорилгоор шатахуун импортлогчдод валютын дэмжлэг үзүүлнэ. Монголбанктай хамтарч шатахууны үнийг боломжит дээд хувилбараар барих эрхзүйн орчин үүслээ. Энэ багц арга хэмжээнд ойролцоогоор 100 орчим сая ам.доллар зарцуулах тооцоо гарсан. Дэлхийн зах зээлд шатахууны үнэ нэмэгдэж байгаа, манай улсад 1000 төгрөгөөр нэмэгдэх судалгаа гарсан.
2-рт, Хууль батлагдсанаар гурил махны үнийг тогтоон барих боломж бүрдлээ. Энэ хүрээнд нөөцөд байсан улаан буудайг ААН-үүдээс худалдаж авна. Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг 2022 он дуустал 5 хувиар хөнгөлөх саналаа УИХ-д оруулах гэж байна.
Дотоодын хүнсний үйлдвэрлэгчдэд 1 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор шийдвэрлэлээ. Хүнсний ногоо, улаан буудай тариалах, зоорь агуулах барих зэрэг хүнсний нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж буй ААН-үүдэд зээл олгоно. Хүүгийн татаасыг төрөөс хариуцна. Засгийн газар энэ саналаа УИХ-д өргөн мэдүүлнэ.