УИХ-ын гишүүн Т.Доржханд сонгуулийн тогтолцоог өөрчлөх, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар иргэдээс гарын үсэг цуглуулсан. Тэрээр цуглуулсан гарын үсгээ өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт гардууллаа.
УИХ-ын гишүүн Т.Доржханд "Өнөөдрийн амьдралдаа иргэд сэтгэл хангалуун байна уу, аз жаргалтай байна уу, 30 жилийн хугацаанд ийм амьдралыг хүсэж байсан уу гэж асуухад иргэд гараа өргөхгүй байна. Энэ асуудлуудыг нэг нэгээр нь шийдээд явах юм уу, эсвэл тогтолцоогоор нь өөрчлөх юм уу гэдэг сонголт бидэнд байна. Иймээс тогтолцооны өөрчлөлтийг хийе, Засгийн газраа цомхон болгоё, бизнесээ нээе, гадна дотны хөрөнгийг татдаг байя, эдийн засагт хэрэгтэй бүтээн байгуулалтуудыг хийдэг байя, УИХ бодлого ярьдаг байя гэхэд иргэд бүгд дэмжиж байна. Хүлээж байснаас илүү үр дүн гарч байна. Иргэд одоо үүнийгээ яаралтай хийж өгөөч гэж байна. 100 мянга гаруй иргэний гарын үсгийг долоо хоногийн дотор цуглууллаа. Нийт иргэдэд хүрэхийн тулд сараас сар хагасын хугацаа хэрэгтэй байна. Уулзаад ярьсан 10 хүн 10-уулаа дэмжиж байна. Иргэд маш их урам, дэмжлэг өгч байна. Өнөөдрийн амьдралаар 30 жил амьдрах боломжгүй юм байна. 30 жил гэдэг бол хүний амьдралын нэг үе. 30 жилийн хугацаанд хөгжсөн улс орнууд маш их байдаг. Жишээ нь, Солонгос улс 25 жилийн хугацаанд хөгжсөн байдаг. 1961 онд Солонгос улс хөгжлөөрөө Ази тивдээ сүүлээсээ хоёрт ордог байсан. Гэтэл өнөөдөр эдийн засаг нь 10 дахин өсжээ. Израиль улс дэлхийн хоёрдугаар дайны дараа газар нутаггүй байсан. Тэгээд намаг шалбаагтай, жижиг газарт 20 жилийн дотор хөгжилтэй орон болсон байна. 20-30 жилийн дотор хөгжсөн улс үндэстний сайн жишээ дэлхийд олон. Өмнөх 30 жилд бид алдсан бас оносон. Тэгвэл дараагийн 30 жилд алдаа хийх эрх байхгүй. Ийм учраас тогтолцооны өөрчлөлт хийх шаардлагатай. Иргэд үүнийг маш их дэмжиж байна. Иргэдээс цуглуулсан гарын үсгийг УИХ даргад өглөө. УИХ-ын даргын зүгээс үүнийг маш хүндэтгэлтэйгээр, гайхаж хүлээж авлаа. Ийм богино хугацаанд ийм олон гарын үсэг цугларч иргэд ингэж их дэмжиж байгаа нь хүлээлтээс давсан хэрэг байна. Иргэд үүнийг хүсэж байна. Тиймээс УИХ энэ шаардлагыг хүлээж аваад цаашаа ажил хэрэг болгооч гэж асуудлаа тавьсан. УИХ-ын дарга энэ асуудлыг хууль журмын дагуу Үндсэн хуулиар улс орныхоо сонгуулийн тогтолцоо, холбогдох эдийн засгийн асуудлаа шийдээд явъя гэдэг дээр санал нэгдсэн. Энэ бол сайн мэдээ. Бид ажлын тав хоногийн хугацаанд шаардлага өгсөн. Шаардлагын хариуг маргааш Төрийн байгуулалтын байнгын хороогоор дамжуулаад өгнө гэсэн" гэв.