Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар УИХ дахь эмэгтэй гишүүдийн өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Уг хуулийн төсөлд Хууль зүйн салбар дахь хүүхэд хамгаалал гэсэн зүйл шинээр нэмж оруулж, орон нутгийн түвшинд /сум, хороонд/ хүүхэд хамгааллын үйлчилгээг хүргэх, орон тооны нийгмийн ажилтан ажиллуулах, тэднийг бодлого, зохицуулалт, удирдлага арга зүйгээр хангах чиг үүргийг ХНХЯ, түүний харьяа агентлагийн чиг үүрэгт хамруулах зэрэг асуудлыг тусгажээ.
Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм.
Засгийн газрын зүгээс хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлыг цогцоор нь шийдэх үүднээс Хүүхэд хамгааллын тухай хуулийн өөрчлөлтийг бэлэн болгоод байгаа аж. Тиймээс уг хоёр хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэх нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн байна.
Энэ талаар Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Эмэгтэй гишүүдийн өргөн барьсан Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжинэ. Удахгүй Засгийн газраас энэ хуулийг мөн өргөн барих юм байна. Тэр үед нь хуулийн төслүүдийг нэгтгээд хэлэлцээд явах нь зүйтэй гэж үзэж байна.
Миний бие саяхан Гэр бүл, хүүхэд, залуучуудын агентлагт ажилласан. Ингэхэд орон нутагт хүүхэд хамгаалал, нийгмийн ажилтны хүний нөөц бараг байхгүй болсон тухай ярьж байсан. 200-гаад орон тооны дутагдалтай байгаа. Хүүхэд хамгаалал, нийгмийн ажилтан тогтвор суурьшилтай ажилладаггүйн шалтгаан нь цалин нь амжиргааны баталгаажих түвшингээс хамаагүй доогуур байдагтай холбоотой. Тэгэхээр төсөв хэлэлцэх үеэр салбар яамнаас хүүхэд хамгааллын ажилтны орон тоотой холбоотой асуудлыг тусгах шаардлагатай байна" гэв.