Япон улсын ерөнхий сайд асан Абэ Шинзогийн амийг бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж буй этгээд ээжийг нь дампууруулсан шашны байгууллагын тэргүүний амь насанд халдах төлөвлөгөөтэй байснаа мэдүүлсэн билээ.
Гэвч тэр эцэст нь уг шашны байгууллагыг дэмждэг хүн гэсэн шалтгаанаар экс ерөнхий сайдын амь насанд халдсанаа хүлээсэн юм.
Сэжигтний ээж их хэмжээний мөнгөө шашны байгууллагад хандивласны улмаас тэдний гэр бүл санхүүгийн хувьд дампуурсан юм байна.
Тэгвэл энэ эмэгтэй нь Эв нэгдлийн сүмийн гишүүн буюу Мүүний шашны дагагч болохыг тус байгууллагын Япон дахь салбар өчигдөр мэдээлжээ.
Эв нэгдлийн сүмийн Япон дахь салбарын тэргүүн Томихиро Танака өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр үүнийг баталсан байна.
Танака сэжигтний ээжийн нэрийг зарлаагүй ч 1998 оноос хойш сүмийн гишүүн болсныг нь баталжээ.
Гэхдээ тэр 2009-2017 оны хооронд завсарлаад хоёр жилийн өмнөөс сүмтэй дахин холбогдож, мөргөлд тогтмол ирдэг болсон гэнэ.
Tалийгаач, сэжигтэн хоёр сүмтэй нь холбоогүй байсныг баталсан Танака сэжигтний ээж хэр хэмжээний мөнгө сүмд хандивласан талаар ярихаас татгалзжээ.
“Манай байгууллага амар амгалан нийгмийг байгуулахад гэр бүлийн үнэ цэнийг чухалчилдаг. Бид энэхүү хүчирхийллийг буруушааж байна. Манай шашны номлол, зан үйлд галт зэвсэг ямар ч холбоогүй байдаг” гэж тэр мэдэгдсэн байна.
Гэхдээ тус байгууллага зарим олон нийтийн арга хэмжээндээ консерватив үзэл баримтлалтай улс төрчдийг урьж, илтгэл тавиулдаг уламжлалтай.
Тухайлбал АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп ийм арга хэмжээнд оролцож байсан гэдэг мэдээлэл бий. Абэ Шинзогийн хувьд өнгөрсөн онд Эв нэгдлийн сүмтэй холбоотой байгууллагын зохион байгуулсан арга хэмжээнд уригдан илтгэл тавьж байжээ.
Дэлхийн Энх Тайван, Эв Нэгдлийн төлөөх Гэр Бүлийн Холбоо гэсэн албан ёсны нэртэй шашны байгууллагыг 1954 онд Өмнөд Солонгосын иргэн Сүн Мюн Мүүн байгуулж байсан юм.
Эх сурвалж: Business Insider