Америкийн эмийн үйлдвэрийн “Pfizer” компани “COVID-19”-ийг эрт үед нь эмчлэх эсвэл урьдчилан сэргийлэх зориулалттай вирусний эсрэг эмийн клиник туршилтуудыг эхлүүлснээ мэдэгджээ. “Pfizer” нь вирусний эсрэг шинэ эм болох “PF-07321332”-ын нөлөөг бага хэмжээний ритонавирын хамт судлах “EPIC-PEP” туршилтын 2/3 үе шатыг эхлүүллээ” гэж тус компанийн хэвлэлийн алба мэдээлсэн байна. Туршилтын өмнөх үе шат уг эм нь тэсвэртэй, аюулгүй болохыг харуулсан гэдгийг онцолжээ.
Компанийн мэдэгдсэнээр, коронавирусний халдварын анхны шинж тэмдгүүд илрэх үед эсвэл эмнэлэгт хэвтэх шаардлагагүй халдвар авсан хүнтэй хавьтал болсны дараа уг эмийг хэрэглэж болно гэнэ. Туршилтуудад 2660 хүнийг оролцуулах бөгөөд эмийг өдөрт 2 удаа 5-10 хоногийн турш уулгах юм байна. Харин туршилтууд хэдийд дуусах талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.