Германы шүүх урьд өмнө тохиолдож байгаагүй гэмт хэргийн буруутанд хуулийн хариуцлага тооцсон тухай Deutsche Welle агентлаг мэдээлжээ.
Түүхэндээ анх удаа Германы шүүх “stealthing” (heimlichkeit) гэгддэг гэмт хэргийн эсрэг тохиолдлыг шүүж, буруутанд зургаан сарын тэнсэн харгалзах ял оноосон байна.
Бэлгийн харилцааны үеэр эрэгтэй нь эмэгтэйдээ мэдэгдэлгүйгээр бэлгэвчээ сугалж авахыг “stealthing” гэж нэрлэдэг гэнэ. Харин энэ тохиолдолд эсрэгээрээ эмэгтэй нь буруутан болжээ.
Гэр бүлээс гадуур дотно харилцаатай 39 настай эмэгтэй, 42 настай эрэгтэй хоёрын хооронд уг хэрэг гарсан юм байна.
Тэд 2021 онд анх интернэт сүлжээгээр танилцаж, харилцан ашигтай холбоо тогтоосон гэнэ. Гэтэл эмэгтэй нь харилцаандаа илүү нухацтай хандаж, хүүхэдтэй болохыг хүсэж эхэлжээ.
Тэгээд эрэгтэйдээ мэдэгдэлгүй бэлгэвчийг нь цоолсон байна. Гэвч эмэгтэйн зорилго бүтэлгүйдэж, эрэгтэй нь түүний санааг мэдээд шүүхэд ханджээ.
Прокурорууд эхлээд эмэгтэйд ямар төрлийн шийтгэл оноохоо мэдэхгүй байсан гэнэ.
Ингээд удтал судалсны эцэст бэлгийн хүчирхийллийн төрөлд тооцогддог “stealthing” гэмт хэргийн эсрэг тохиолдол гэж дүгнээд ял оноосон байна.
“Энэ заалтыг эсрэг тохиолдолд бас ашиглаж болно. Эмэгтэй нь эрэгтэйд мэдэгдэлгүй бэлгэвчийг ашиглах боломжгүй болгосон гэж дүгнэлээ” хэмээн шүүгч Салевски DW агентлагт ярьжээ.
Эх сурвалж: Business Insider